Золиослогдсон өчигдөр, золбиншлогдсон өнөөдрийн Монголын тухай өгүүлсэн бодол эргэцүүлэл, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, эссе тэмдэглэлийн түүврээ Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг уншигч танд өргөн барьж байна. “Өнөөгийн өнгө төрх” нэртэй аж. Эхнээс нь дуустал гүйлгэн уншаад зохиогчийн шилмэл нийтлэлийн түүвэр юм байна гэдэгт бүрэн итгэв. Олон сайхан нийтлэлээ сорчилон оруулжээ.
“Бусдын төлөө өөрийгөө золиосолсон хүн хамгийн сайн хүн” гэсэн Авраам Линкольны алдарт хэллэгийг ишлэж байгаад Юмжаагийн Цэдэнбал даргын тухай бичсэн байна. Зохиогч Монголын түүхэнд тод мөртэй энэ хүнтэй ердөө дөрөвхөн удаа зурвасхан уулзаад (тааралдаад гэвэл илүү зохино) өнгөрчээ. Тэгсэн атлаа гайхалтай сайн, үнэмшилтэй тод нийтлэл бичсэн байна. Энэ бол авъяас билгийн илэрхийлэл, агуулга утгыг гаргаж чаддаг сэтгүүлчийн чадвар юм. Хэд хэдэн сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Эхлээд гадаадын улс орнууд үе үеийн удирдагчиддаа хэрхэн яаж хандаж ирсэн үүх түүхээс цухас төдийхөн дурдаад “Маниас хамаагүй ухаантай, өндөр хөгжилтэй, учиргүй их соёлтой япончууд Эзэн хааныхаа бодит дүрийг харах нь бүү хэл ордных нь хашаанд орж талбайг нь нэг удаа цэвэрлэхийг хүн болж төрсний их хувь заяа хэмээн үзэж, бүр хэдэн жилийн өмнөөс захиалга өгч дараалалд ордог юм гэнэ билээ. Хүнийг хүн гэж ойлгох, зан заншил, ах зах, төр ёс, улс орныхоо удирдлагыг хэрхэн дээдлэн хүндэлдгийн тод жишээ энэ юм байх” гэсэн байх жишээтэй. Дэлхий нийтийн нийтлэг ёс, чиг хандлагыг сануулан хэлж байна. Гэтэл манайд яав гээд Юмжаагийн Цэдэнбал гуайн гэрэлтэй агаад гунигтай амьдралын талаар өөрийн санал бодлыг онцлон бичжээ. Сайн үйлсээ үргэлжлүүлэн залгамжилж чадах хүнээ улс орны удирдагчид эртээс бодож, сургаж дадлагажуулах явдал нэн чухал гэсэн санаа энд гарч байна. Ю.Цэдэнбалын өөрийнхөө залгамжлагчдыг сонгож бэлтгэсэн түүх бол Монгол Улсын түүхэнд үеийн үед санаж явах гашуун сургамж яах аргагүй мөн гэжээ. Өчигдөр аж төрж бүтээж туурвиж явсан, өнөөдөр энх тунх байгаа олон хүн үүнтэй санал нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна.
Амьдрал, тэмцлийн утга учрыг эргэцүүлэн бясалгасан зохиогч “Хэн ч гэлээ үхлийн өмнө ав адилхан, усны дусал шиг ижилхэн болдог. Чухамдаа дархан аварга шиг хүчтэй, тэрбумтан шиг мөнгөтэй, Ерөнхий сайд шиг өндөр албан тушаалтай байгаад ч нэмэргүй. Хамгийн хоржоонтой нь үхэл ая тал хардаггүй, өргөл барьц тоодоггүй, хээл хахууль авдаггүй, том даргаас айдаггүйгээрээ онцлогтой. Юу үнэн, энэ үнэн гэж бодож байна. Хорвоо ертөнц хоосон чанар дээр оршин тогтнодог билээ. Үүнийг ер нь хүмүүс үе үе бодолхийлж байвал тун гэмгүй юм. Зохиогч цааш нь “Хүн гэдэг амьтан хэн боловч бололцоотой үедээ хүн чанараа гээхгүй, бие биеэ хайрлаж, хийсэн бүтээснийг нь түүхийн тоос, хүн чанарын хог дээр Цэдэнбалыг хаясан шиг хаячихгүй байхсан. Зурагтын дэлгэцэнд, харийн нутгийн бүүдгэр зэвгэр өрөөнд, ядарч туйлдсан Цэдэнбал ширээн дээрх тавагтай хэдэн чихэр уруу гараа сарвайж, хэн нэгэн гар уруу нь цохиход шилэн аягтай ус унан асгарч, өөрийн эрхгүй их зовлон дотор, эх нутаг, ах дүү төрөл саднаа санан тарчилж байгаа тэр ядарсан өвгөний нүднээс бөмбөрөн унах нулимас шиг урсаж буй бичлэгийг монголчууд мартаж болно гэж үү. Монголын нам, төрийн дээд удирдлагыг хагас зуун жил нэр төртэй авч явсан хүний амьдралын төгсгөлийн дүр зураг энэ” хэмээн бичжээ. Уншиж үзсэн хүнд юм бодуулахаар бичигдсэн байна. Өчигдрийн тухай гашуун сургамж аж.
МУСГЗ Сүрэнгийн Зэвсэг ©2025 Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.