Сүрэнгийн Зэвсэгийн бичсэн “Сүлдэн овгийнхон” хэмээх 546 хуудас содон болоод сонин цоморлигийн товч утгыг хураангуйлан томьёолбол ийм ажгуу. Хуудсууд нь хуучин шинэ ховор нандин зургуудтай, үг өгүүлбэр бүр нь үнэн амьдралын хүүрнэл бодол эргэцүүллээр бялхсан сонирхолтой бүтээл болжээ. “Зөв эргэсэн гурван зэтэртэй хас. Голдоо мөн зөв эргэсэн хос загас, титэм дээрээ сар, нар, гал бүхий тэмдэг бол Сүлдэн овгийнхны сүлд” хэмээжээ.
Өнгөрсөн зууны 1990-ээд оноос хойш монголчууд өвөг дээдсийнхээ үүх түүхийг илүүтэй сонирхож, өрх гэр бүлүүд ургийн бичгээ хийдэг болсон. Тун сайшаалтай. МУСГЗ, сэтгүүлч Сүрэнгийн Зэвсэг “Сүлдэн овгийнхон”-ы ургийн бичгийг урлан бүтээсэн нь энэ юм. Уламжлалт “ургийн мод”-ны зарчмыг гол чиглэл болголгүйгээр арай өөр аргаар буюу өөрийнхөөрөө зохиомжлон бүтээсэн нь энэ юм. Энэ нь хэдийгээр нэгэн овгийнхны тухай өгүүлсэн бүтээл мэт боловч Монгол Улс, монголчуудын туулж өнгөрүүлсэн он жилүүд амилан босч ирж буй нь сонин. Номын агуулга болоод зохиомж сонирхолтой, баримт нотолгоогоор баян, нэн ялангуяа хар цагаан ба өнгөт гэрэл зургуудаар элбэг дэлбэг болсон нь хэн хүнд санаа авахуулахуйц сайн бүтээл болжээ.
Жишээ нь XIV Далай ламын мутрын үсэг бүхий зураг, Бакула Рембүчигээс Сүрэнгийн Зэвсэгт дурсгасан зураг, түүний эрхэм хүн Ажаагийнх 1966 оны хөдөлмөрийн дэвтэр, долдугаар ангийг онц дүнтэй төгсөхөд нь Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын найман жилийн сургуулийн захиргаанаас олгосон “Алтан үсэгтэй бичиг”, Гэр бүлээрээ “Ширээ хадныхаа хаваржаа”-нд авахуулсан хамтын гэрэл зураг, 1973 онд Сүрэнгийн Зэвсэгт олгосон МАХН-ын № 029794 гэсэн дугаартай намын гишүүний батлах, 1992 онд олгосон Улсын тусгай хоёрдугаар эмнэлгээр үйлчлүүлэх эрхийн 1063 тоот үнэмлэх, Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрөөр А.Одонбаатарын ээждээ дурсгасан зурагт мэндчилгээ, Д.Амартүвшингийн “Мангасууд” хэмээх өнгөт харандаан зураг /2018/, Р.Оджаргалын нохойн гөлөгтэй болох мөрөөдлийг илэрхийлсэн “Миний мөрөөдөл” бичлэг, С.Цоодолын ЗХУ-д докторын зэрэг хамгаалсан диплом болон мэргэжлийн үнэмлэх, Сүрэнгийн Зэвсэгт Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртээсэн Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Намбарын Энхбаярын 2008 оны есдүгээр сарын 30-ны өдрийн 292 тоот зарлиг, “Ширээ хадны хаваржаа” номоороо МЗЭ-ийн шагнал хүртсэн “Батламж” зэрэг олон сонирхолтой баримтын эх зураг уг номонд орсон аж. Хөдөлшгүй баримтууд, хадаас адил нотолгоонууд болжээ.
Сүрэнгийн Зэвсэгийн “Сүлдэн овгийнхон” ном сонин бөгөөд сонирхолтой, давтагдашгүй өвөрмөц зохиомжтой, содон агаад сондгойрсон бүтээл болсон байна.