“Хүн байхын утга учрыг ухаарч, амьдарсан шиг амьдрахын тулд эрэн хайгч байх ёстой.”

АВАРГА АВАРГААРАА ТӨРДӨГ

АВАРГА АВАРГААРАА ТӨРДӨГ

Монголчуудын эртний уламжлалтай эрийн гурван наадмын хүчит бөхийн барилдааны гарал үүсэл, түүхэн замнал хөгжлийн мэдээ таамаглалыг багцалсан, сэтгүүлчийн тэмдэглэл юм.
Хүн гэдэг амьтан байгалийн догшин ширүүн ааш араншинд дасан зохицох, амиа хамгаалах, ан гөрөө хийж идэш хоолоо олох, оршин амьдарч буй газар нутгаа хамгаалах, өөр овгийн хүмүүстэй хийх тэмцэл тулалдаанд суралцах, аргагыг олж эзэмших, олсноо боловсронгуй болгох, улмаар уралдах ноцолдох, тулалдах дадлага сургууль хийж тоглоцгоох, түүнийгээ тойрон сууж байгаад үздэг болсон байх. Энэ мэтээр аглаг түүхийн урт замыг түүлсаар өнөөгийн Монгол үндэсний эрийн гурван наадам, хүчит бөхийн барилдаан хэмээх энэ дэлхийд өөр хаа ч байхгүй өвөрмөц онцлог бүхий их баяр цэнгэл болж төлөвшсөн бололтой. Энэ бүхнийг эрдэмтэн, судлаачдын судалж олж хуримтлуулсан баримт, үнэн хүчит их бөхчүүд, бөх сонирхогч, судлаачдын яриа дурсамж, зарим эд өлгийн зүйл түүхэн баримтад тулгуурлахдаа:

Нэг. Үндэсний их баяр наадам, хүчит бөхийн барилдааны талаар бидний үед улбаалж уламжилж ирсэн түүхийн олдсон баримтын тойм;

Хоёр. Эртний алдартай зарим бөхчүүдийн товч намтар, ахуй амьдрал, барилдааны амжилтын олдож байгаа мэдээлэл;

Гурав. Өнөө цагийн зарим их аваргууд болон бусад бөхчүүдийн амьдралын зам, тэдний яриа дурсамж;

Дөрөв. Ардын хувьсгалын ялалтаас өмнө болон хойшхи үеийн наадмуудын тухай олдож байгаа баримт, ялангуяа 1961-2024 оныг хамарсан жар гаруй жилийн хугацаанд болсон онцлог наадмын хүчит бөхийн барилдаан;

Тав. Монгол орон нийгмийн өөр тогтолцоонд шилжсэн сүүлийн гуч гаруй жилийн Улсын их баяр наадам, хүчит бөхийн барилдааны тойм тэмдэглэл зэргийг багтаахыг хичээсэн. Мөн хугацаанд наадам, бөхийн түүхэнд тохиолдсон түүхэн үйл явдлууд, ололт амжилт, шинэчлэл өөрчлөлт, алдаа гажуудал, түүнээс гарах арга замын талаар сэтгүүлчийн, эрсэн хайсан эрэн сурвалжлага, түүж цуглуулсан баримт, бодол эргэцүүлэл, дэвшүүлсэн санал зэргийг товч мэдээнээс эхлээд сурвалжлага, тойм тайлбар, асуудал дэвшүүлсэн өгүүлэл, хөрөг болон түүхэн тэмдэглэл, ярилцлага, шүүмж зэрэг сэтгүүл зүйн бичлэгийн цөөнгүй төрөл жанраар бичсэн том жижиг нийтлэлүүдийн дээж төлөөлөл болохыг мэргэн уншигчид минь болгооно уу.